Uuganbayar Экс УЗ-ийн гишүүн

Нэгдсэн: 2007-Dec-09 Бичлэгүүд: 316 Байрлал: 명지대학교
|
Бичигдсэн: Mon Feb 08, 2010 10:44 pm Бичлэгийн гарчиг: Эрнандо де Сото нийтлэлчидтэй уу |
|
|
Эрнандо де Сото нийтлэлчидтэй уулзлаа
Өнөөдөр Нээлттэй нийгэм хүрээлэн дээр энэ цаг үеийн хамгийн алдартай эдийн засагчдын нэг Эрнандо де Сото Baabar.mn сайтын нийтлэлчидтэй уулзаж, “капиталын нууц”-аасаа хуваалцлаа. Товлогдсон хувиараасаа хагас цагаар хоцорсон уулзалтыг нийтлэлч Баабар “Манайх шиг бүртгэл байхгүй газар машинууд нь овоороод. Уучлаарай, маш их ичиж байна” гэсэн оновчтой уучлалт эрснээр эхлүүлсэн. Нийтлэлч Баабар “Капиталын нууц номыг монгол хэл дээр гаргахад би өөрөө их идэвх зүтгэл гаргаж оролцож байсан. Анх Сото гуайн номыг уншаад нүд нээгдэх шиг болсон” гэж үргэлжлүүлэн яриад нэрт эдийн засагчид үг хэлэх боломж олголоо. Тэрбээр дэлхийн эдийн засагт өөрчлөлт, шинэчлэлт авчирсан “Өөр зам”, “Капиталын нууц” номнуудынхаа тухай товч дурдаад тэнд цугласан нийтлэлчдэд асуулт, хариултын хэлбэрээр уулзалтаа явуулъя гэсэн санал тавьсан юм.
-Таны судалгааны баг манай оронд түрүүлж ирээд ажилласан гэсэн. Тэд манай улсын эдийн засагт ямар дүгнэлтийг өгч байна вэ?
-Манай багийнхан гурван долоо хоногийн өмнө ирсэн. Энэ бол богино хугацаа. Тэд төрийн болон статистик судалгааны байгууллагуудтай хамтраад 850 гаруй өрх нэгж, компанийг судалгаандаа хамруулсан юм байна. Тэдний судалгаагаар бол судалгаанд оролцсон нийт өрхийн 15 хувь нь л өмчөө улсын бүртгэлийн стандартын дагуу бүртгүүлж, албан ёсны өмч болгосон байгаа юм. Үлдсэн 85 хувь нь ямар нэг байдлаар түр зуурын ч юм уу бичиг баримттай байсан гэсэн. Эндээс харахад танай оронд нуугдмал, албан бус өмчийн эрхийн систем байгаа юм байна гэсэн ойлголт бидэнд төрсөн л дөө. Манай багийн хийсэн судалгаагаар бизнесийн байгууллагуудын 20 хувь нь л албан ёсоор ажиллаж байгаа юм байна. Бусад компаниуд нь албан бус эдийн засагт хамрагдчихаж байна. Зах зээлийн эдийн засаг маань ерөөсөө бүх систем стандартчилагдсан байхыг шаарддаг.
Өргөн утгаар нь ярьвал, дэлхийн аль ч оронд, Тайланд, Бирм, Ливи, Танзан гээд бүгдэд л өмчийн гэрчилгээг олгодог. Манай Перу гэхэд 1820 онд тусгаар тогтносноосоо хойш газраа өмчилж бүртгэх системээ 20 удаа өөрчилж, дахин дахин бүртгэсэн. Яагаад бид бүртгэлжүүлж дуусдаггүй юм бэ гэсэн асуулт гарч ирж байгаа биз? Яагаад гэвэл гуравдагч орнууд яаж зөв бүртгэхээ мэдэхгүй байгаад л хамаг учир байгаа юм. Түүнчлэн эрх зүйн орчин нь томоохон шинэчлэлд орох ёстой. Эрх зүйн орчин л бүрдээгүй бол ямар ч нэмэргүй шүү дээ. Бид Филиппиний Манила хотод очоод тэнд өмчийн бүртгэл хийлгэе гэж бодъё. Бодит амьдрал дээр яг жинхэнээр нь цагдаагийн газар, татварын газар гээд л бүх дүрэм журмыг ёсчлон дагавал Манилад өмчөө бүртгүүлэхэд 25 жил хэрэгтэй. Египетэд 17 жил хэрэгтэй болж байгаа юм. Эзэмших эрхийн гэрчилгээгээ аваад нас барчихлаа гэж бодоход дараагийн хэн нэгэнд шилжүүлэх ч юм уу, түрээслэж, өгч болно. Гэхдээ үүний тулд 15 жил шаардлагатай болно. Тэгэхээр л нөгөө өмч хөрөнгө бодит эдийн засагтаа ямар ч үр нөлөөгүй, сүүдрийн эдийн засаг л болчихно. Латин Америкаас 15 сая орчим хүн АНУ-д Мексик, Перугаар дамжаад очсон байгаа. Тэр нүүдэл албан бус эдийн засгийн хүрээнд болдог. АНУ-д очоод тэр хүмүүс өөрийгөө бүртгүүлэх, өмч хөрөнгөө бүртгүүлэх их дуртай байдаг. Яагаад гэвэл тэр нь тэнд хялбархан байна. Барууны орнуудад, өндөр хөгжилтэй орнуудад хуулиа иргэншүүлсэн байдаг. Ерөөсөө бүртгэлийн систем хэзээ хамгийн амжилттай болох вэ гэвэл бүх өмчийн бүртгэл хуулийн дагуу, зардал багатай хийгдэх боломжтой болсон тэр л үед.
Та бүхэн 19 дүгээр зууны Японы, Хятадын өмч бүртгэлийн туршлагаас, тэдний түүхээс судалж суралцах хэрэгтэй.
-Өмчийн бүртгэлд төрийн оролцоо голлох үүрэгтэй тухай та хэлж, ярьдаг. Төр дангаараа бүртгэлийг явуулах нь оновчтой арга уу? гэсэн асуултад тэрбээр
-Америкийн төр засаг өмчийн бүртгэлдээ хувийн хэвшлийнхнийг татан оролцуулдаг. Баруунд бол ихэнхдээ төр дангаараа хариуцдаг. Бусад орнуудтай харьцуулахад АНУ үүгээрээ өвөрмөц. ОХУ бас сүүлийн үед хувийн хэвшлийг бас өмч бүртгэлдээ оролцуулах бодолтой байгаа юм байналээ. Швейцарь, Лондонгийн хоёр томоохон компанид энэ талаар хандсан байсан” гэж хариуллаа.
-Өмчийг бүртгэснээр эдийн засгийн хөгжилд хүрч болох тухай таны зарчим амжилттай хэрэгжсэн орнуудаас жишээ дурдвал?
-Перугийн эдийн засгийн байдал сүүлийн 20 жилд сайн байсангүй. Перуд одоо нийт өмчийн 70 хувийг бүртгээд байна. Дэлхийн банкны судалгаагаар бол хөгжиж буй орнуудын тоонд өмчийг бүртгэсэн эрэмбээр нэгдүгээрт орж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг жишээ болох болов уу гэж бодож байна. Египет, Танзан, Өмнөд Африк, Филиппин зэрэг нийт хориод оронд манай судалгааны баг ажиллаж, өөрсдийн зөвлөгөөг өгч, бүртгэлийн системийг хэрэгжүүлсэн.
Нийтлэлч Баабар энэ үед ноён Сотогоос Гаитид капиталыг бүртгэлжүүлэх процесс хэрхэн явагдсан талаар сонирхон асуулаа. Түүний асуултад Сото “Гаитид ямар ч амжилт олоогүй. Өнөөдөр тэр оронд байгалийн гамшиг тохиолдож, нөхөж баршгүй гарз хохирол учраад байна. Эргээд нөхөн сэргээнэ гэхэд тэдэнд ямар ч өмчийн бүртгэл байхгүй. Энэ маш том асуудал болоод байна. Хэдэн жилийн өмнө Иранд долоон баллын газар хөдлөлт болоход 125000 хүн амиа алдаж байсан. Тэгэхэд Америкийн Сан Францискод яг ижил хэмжээний баллаар газар хөдлөхөд 20 хүн л нас барсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр газар хөдлөлт биш, байшин хүнийг алдаг. Өмчийн бүртгэл хичнээн чухал болохыг харуулсан”
-Социализмын үед Ленин тоо, бүртгэлийн чухлыг номлодог байсан. Социалист дэглэмд байхад бид бараг ширхэг хадаас болгоныг бүртгэдэг байлаа. Одоо капиталист нийгмийн үед бид дахиад д бүртгэлийн тухай, хүнд харагдахгүй хийсвэр бүртгэлийн тухай ярьдаг болсон. Та социалист системийн өмчийн бүртгэл, капитализмын өмчийн бүртгэлийн ялгааг юу гэж боддог вэ?
-Би Лениний номуудыг уншиж байгаагүй л дээ. Таны ярианаас харахад өмчийг тодорхойлох, бүртгэх явдал социализмд ч бас чухал байсан юм байна.
Капиталист системд аливаа өмч дангаараа үнэ цэнэтэй байгаад зогсохгүй бусад юмстай нийлж байж илүү үнэ цэнэтэй болдог. Жишээлбэл, цемент, тоосго нийлж байж байшин болж илүү үнэ цэнэд хүрнэ. Тэгэхээр нэмүү өртгийн үнэ цэнийг тодорхойлж өгдгөөрөө капиталист бүртгэл социалист бүртгэлийн системээс ялгаатай гэж би бодож байна.
Ж.Заяа |
|