Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

СМОХ-н Шинэ Дvрэм

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> CMOX
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
dzb
CMOX-Webmaster


Нэгдсэн: 2005-Aug-19
Бичлэгүүд: 94
Байрлал: XXI Зуун Хөгжлийн Клуб

БичлэгБичигдсэн: Fri Sep 25, 2009 12:44 pm    Бичлэгийн гарчиг: СМОХ-н Шинэ Дvрэм Ишлэлтэй хариулах

1 ДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1-р зүйл: Нэр томъёо
1.1.Байгууллагыг “БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо”, “Mongolian Student’s Association in Korea”, “재한몽골유학생협회” гэж нэрлэнэ. Цаашид энэ дүрэмд “СМОХ” гэж томъёолон хэрэглэнэ. СМОХ-н удирдах байгууллага БНСУ-н засаг захиргааны төв болох Сөүл хотод байрлана.
1.2. СМОХ-н дvрэм нь СМОХ–ын vндсэн зорилго, vйл ажиллагааны зарчим, бvтэц зохион байгуулалт, эрх, тэдгээрийн чиг vvрэг, хэм хэмжээг тодорхойлоход оршино.

2-р зүйл. Ашгийн бус байгууллага
2.1. СМОХ нь БНСУ–д суралцагч Монгол оюутнуудын нийтлэг эрх ашгийг эрх зvйн хvрээнд хамгаалсан, сайн дурын, ашгийн төлөө бус нийгэмд vйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
2.2. СМОХ-н гишүүн, гишүүн байх үедээ болон гишүүчлэлээс гарсны дараа ч СМОХ-н үйл ажиллагаатай холбоотойгоор ямар ч замаар болов ашиг олохыг хориглоно.
2.3. СМОХ-н бүх орлого, тоног төхөөрөмж, эд хөрөнгө нь зөвхөн дүрмийн 2-р бүлэгт заасан зорилго ба эрхэмлэх зүйлсийг биелүүлэхэд зориулагдана.
2.4. СМОХ-н орлого, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн аливаа хэсгийг СМОХ-н аль нэг гишүүнд эсвэл Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүнд оногдол ашиг, зээллэг, шагнал болон ашгийн хэлбэрээр шууд ба шууд бусаар шилжүүлэх буюу өгөхийг хориглоно.

3-р зvйл. СМОХ–ны сvлд, далбаа, бэлэгдэл, тамга тэмдэг
3.1 Чуулганаар баталсан туг бэлэг тэмдэг, тамга уриатай байх ба дуулалтай байж болно.

4-р зvйл. СМОХ–ын бvтэц, зохион байгуулалт, удирдах байгууллага
4.1 СМОХ нь Чуулган, Удирдах зөвлөл, Тэргүүн, тvvний ажлын алба, Хяналтын зөвлөл, Орон нутгийн салбарууд, гишvvд, дэмжигчид гэсэн бvтэц, зохион байгуулалттай байна.
4.2 СМОХ –ын анхан шатны нэгж нь мэргэжил, сонирхолын дагуу зохион байгуулагдаж болно.

2 ДУГААР БҮЛЭГ
СМОХ-н ЗОРИЛГО, ҮНДСЭН ЗАРЧИМ
БОЛОН САНХҮҮГИЙН ЭХ СУРВАЛЖ


5-р зүйл. Зорилго ба эрхэмлэх зүйл
5.1. СМОХ–ын vндсэн зорилго нь :
5.1.1.БНСУ–д суралцагч Монгол оюутнуудын сурч амьдрах, улс эх орныхоо хөгжил дэвшилд биечлэн оролцоход нь дэмжлэг vзvvлэх.
5.1.2. Оюутнуудын vйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдмэл байлгаж олон талын мэдээллээр хангах.
5.1.3. Улс эх орноо бvс нутгийн хvрээнд сурталчилан таниулах.
5.1.4. БНСУ–д ажиллаж, амьдарч буй эх орон нэгтнvvддээ дэмжлэг туслалцаа vзvvлэх.
5.1.5. Монгол улс, БНСУ–ын найрамдалт харилцаа болон Зvvн хойд Азийн улс орнуудын хамтын ажиллаагааг хөгжvvлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.

6-р зvйл. СМОХ–ын vйл ажиллагааны vндсэн зарчим
6.1. СМОХ–ын vйл ажиллагаанд ардчилсан, нээлттэй байх зарчмыг удирдлага болгож оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж аливаа асуудалд бvх талын туслалцаа vзvvлж ажиллана.
6.2. СМОХ нь Монгол улс болон БНСУ–ын холбогдох хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулна.
6.3. Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.
6.4. СМОХ нь дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон аж ахуйн vйл ажиллагаанаас олсон орлогыг СМОХ–ын vйл ажиллагаанд зарцуулна.

7-р зүйл. Санхүүгийн эх сурвалж
7.1. СМОХ нь өөрийн үйл ажиллагааны зорилтыг хангахын тулд дараахи эх үүсвэрүүдээс орлогоо бүрдүүлж болно. Үүнд:
7.1.1. Гишүүдийн хандив.
7.1.2. Иргэд аж ахуйн нэгж байгууллагын хандив.
7.1.3. Дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон аж ахуйн vйл ажиллагаанаас олсон орлого.
7.1.4. Төсөл хэрэгжvvлэх зорилгоор гадны болон дотоодын байгууллагаас олгосон хөрөнгө.
7.2. Орлогыг зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна. \

3 ДУГААР БҮЛЭГ
СМОХ-н ГИШҮҮНЧЛЭЛ


8-р зүйл. Гишүүн болох этгээд
8.1 СМОХ–ын дvрэм, мөрийн хөтөлбөрийг хvлээн зөвшөөрсөн БНСУ–д албан ёсоор суралцагч бvх оюутан залуучууд, төгсөгчид сайн дураараа СМОХ–ын гишvvнээр элсэж болно.

9-р зүйл. Гишүүний үүрэг хариуцлага
Гишүүн нь дор дурдсан үүрэг хариуцлага хүлээнэ:
9.1. СМОХ-н дүрэм болон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх.
9.2. CМОХ-н зүгээс зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцож, сурталчлах.

10-р зүйл. Гишүүний эрх
Гишүүн дор дурьдсан эрх эдлэнэ:
10.1. СМОХ-д элсэх, гишүүнээс татгалзах.
10.2. Гишүүн нь СМОХ-н сонгуульд сонгох, сонгогдох эрхтэй бөгөөд дүрэмд өөрөөр заагаагүй бол СМОХ-н аливаа хурал цуглаанд оролцох.
10.3. СМОХ-н бодлого үйл ажиллагаа, санхүүгийн талаар мэдээлэл авч, хяналт тавих.
10.4. Үйл ажиллагаатай холбогдуулж санал, санаачлага гаргах, гаргасан санал, санаачлагаа Чуулган, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэн хамтран ажиллах.

11-р зүйл. Хувийн ашиг сонирхол хөөцөлдөхийг хориглох
11.1. Гишүүн нь өөрийн хувийн ашиг сонирхлыг СМОХ-н ашиг сонирхлоос илүүд тавихыг хориглоно.
11.2. Санхүүгийн шууд ба шууд бус сонирхлын үүднээс СМОХ-н нэрийг ашиглан хувьдаа ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, үйлдвэрлэсэн эд зүйл, материалыг бусдад тараах, сурталчлах, худалдахыг хориглоно.

12-р зүйл. Бэлэг, шан харамж авахыг хориглох
Гишүүн нь бэлэг эсвэл ажлын шан харамж дараах этгээдээс авахыг хориглоно:
12.1. СМОХ-т санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байгууллага, хувь хүнээс.
12.2. СМОХ-т үйлчилгээ үзүүлдэг буюу үзүүлэх авиваа нийлүүлэгчээс.

13-р зүйл. Гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэл
13.1. СМОХ-н хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхийн шийдвэр гарсан.
13.2. СМОХ-н дүрэм, дотоод журам, гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн.
13.3. Улс төрийн аль нэг нам, эвсэл, бүлгийн үйл ажиллагаанд СМОХ-н нэрийг ашиглах замаар СМОХ-г улс төржүүлсэн.

14-р зүйл. Гишүүнээс түдгэлзүүлэх журам
14.1. Хяналтын зөвлөл аливаа гишүүний гишүүнчлэлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх буюу гишүүнээс хасах саналаа Удирдах зөвлөлд гаргана. Удирдах зөвлөлийн хуралд оролцсон нийт гишүүдийн энгийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
14.2. Удирдах зөвлөл тухайн гишүүн эрхийг нь түдгэлзүүлж хасах тухай шийдвэрийг Чуулган эхлэхээс 14-с доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, гардуулсан байна.

15-р зүйл. Шийдвэрт гомдол гаргах эрх
15.1. Тухайн гишүүн гишүүнийхээ эрхийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрт Чуулган эхлэхээс 7-с доошгүй хоногийн өмнө Удирдах зөвлөлөөр дамжуулан Чуулганд гомдол бичгээр гаргаж болно.
15.2. Чуулган уг гомдлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
15.3. Чуулганыг шийдвэрийг буруу гэж үзвэл шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.
15.4. Аливаа этгээд тогтоосон журмын дагуу дахин гишүүнээр элсэх эрхтэй.

16-р зүйл: Гишүүнээс татгалзан гарах
16.1. Гишүүн нь зохих өргөлдөлийг Удирдах зөвлөлд өгснөөр хүссэн цагтаа гишүүнээс сайн дураараа татгалзаж болно. Өргөдөлд өөрөөр заагаагүй бол хүсэлтийг хүлээн авах эсэхээс үл хамааран тухайн хүнийг гишүүнээс гарсанд тооцно.

17-р зүйл. Итгэмжлэл хэрэглэх
17.1. Аль нэг байхгүй байгаа гишүүн өөрийн сонгох эрхийг зохих журмаар томилогдон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж хэрэгжүүлж болно.
17.2. Энэ төлөөлөгч нь гагцхүү нэг саналын эрхтэй байна.
17.3. Итгэмжлэлийг бичгээр гаргах бөгөөд түүнд огноо тавьж, гишүүнээр гарын үсэг зуруулсан байна. Итгэмжлэл нь зөвхөн түүнд заасан хурал болон түүний үргэлжлэлд хүчинтэй байна.
17.4. Итгэмжлэл гаргасан гишүүн итгэмжлэлээ хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож болно.

4 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЧУУЛГАН


18-р зүйл. Чуулган
18.1. Чуулган нь СМОХ-н эрх барих дээд байгууллага мөн.
18.2. Чуулганыг жил бүрийн намар Удирдах зөвлөлийн товлосон газар, цагт БНСУ-д хийнэ. Хурлаар дараахи асуудлуудыг хэлэлцэнэ.
18.2.1. СМОХ-н ирээдүйн зорилт, хэтийн төлөв.
18.2.2. Нэг жилийн үйл ажиллагааны талаархи Тэргүүний тайлан, санхүүгийн үйл ажиллагааны талаархи санхүүгийн бүрэн тайлан, хянагдсан дансны талаархи хөндлөгийн аудитын илтгэл.
18.2.3. Гишүүдийн дундаас нэр дэвшүүлж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох.
18.2.4. СМОХ-н дүрэмд оруулах өөрчлөлтийг хэлэлцэн батлах.
18.2.5. СМОХ-г өөрчлөх, татан буулгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.
18.2.6. Бусад нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд.

19-р зүйл. Ээлжит бус чуулган
19.1. Чуулганы шийдвэр СМОХ-н дүрмийн заалт зөрчсөн нь Хяналтын зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон эсвэл Тэргүүний санал болгосноор зэрэг бусад онцгой тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3-н саналаар Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Энэ шийдвэрт хурлын хэлэлцэх асуудал, хийх газар, цаг хугацааг заана.
19.2. Удирдах зөвлөл үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу хэвийн явуулах чадамжгүй нөхцөл байдал буй болсон, энэ талаар СМОХ-н гишүүдээс Хяналтын зөвлөлд удаа дараа санал, шаардлага ирүүлсэн тохиолдолд Хяналтын зөвлөлийн гишүүдийн зуун хувь (100%)-н саналаар Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Энэ шийдвэрт хурлын хэлэлцэх асуудал, хийх газар, цаг хугацааг заана.

20-р зүйл. Хурлын тухай мэдэгдэл
Удирдах зөвлөл Ээлжит болон (эсвэл Хяналтын зөвлөл) Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, болох газар, хугацааг заасан мэдээллийг Чуулган болохоос 14-с доошгүй хоногийн өмнө гишүүдэд баталгаат аргаар хүргэсэн байна.

21-р зүйл. Хүчин төгөлдөр байдал
Дүрэмд өөрөөр заагаагүй бол Чуулган хүчин төгөлдөр байх ирц нь СМОХ-н санал өгөх эрх бүхий гишүүдээс 51-с доошгүй гишүүд оролцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

22-р зүйл. Санал хураалтад орох эрх
Чуулганд оролцох төлөөлөгч бүр БНСУ-д сурч байгаа болон сурч байсныг нотлох бичиг баримтаа чуулган эхлэхээс өмнө зохион байгуулагчдад бүртгүүлж мандат авсан байна.

5 ДУГААР БҮЛЭГ
НЭР ДЭВШҮҮЛЭЛТ БА СОНГУУЛЬ


23-р зүйл. Нэр дэвшүүлэлт ба Тооллогын комисс
23.1. Хяналтын зөвлөлийн санал болгосноор Чуулган Тооллогын комиссыг байгуулж, нэр дэвшүүлэлтийг зохион байгуулж болно. Тооллогын комисс нь гурав эсвэл таван гишүүнээс бүрдэх бөгөөд Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүн бус хүн байна.
Тооллогын комисс нь дараахи чиг үүрэгтэй ажиллана:
23.1.1. Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн тодорхойлолт, мөрийн хөтөлбөрийг хүлээн авч хянах ба хүчин төгөлдөр болохыг нотлох.
23.1.2. Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвших болон санал хураалт, сонгуулийн хуудас бэлтгэх, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах зэрэг сонгуулийн бүх төрлийн бусад ажиллагаанд хяналт тавьж удирдах.
23.1.3. Сонгууль явуулах журам ба зохион байгуулалтыг тодорхойлох.
23.1.4. Сонгуулийн дүнг гаргаж, сонгуульд ялсан нэр дэвшигчдийг зарлах.

6 ДУГААР БҮЛЭГ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ

24-р зүйл. Ерөнхий эрх үүрэг
Удирдах зөвлөл нь СМОХ-н эрх мэдлийг хэрэгжүүлэн, түүний түүний үйл ажиллагааг явуулж, хөрөнгийг нь эзэмшиж захиран зарцуулна. Удирдах зөвлөл нь бодлого тодорхойлох, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөн батлах бөгөөд өөрийн үйл ажиллагаа болон хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалтын талаар энэ дүрмийн дагуу тайлагнана.

25-р зүйл. Үйл ажиллагаа
Удирдах зөвлөл нь дараахи үйл ажиллагаа явуулна:
25.1. Тэргүүн , тvvний ажлын хэсгийн хөтөлбөр, vйл ажиллагаа, санхvvгийн тайланг хэлэлцэн батлана. Хэрэв Тэргүүн, тvvний ажлын хэсгийн тайлант хугацааны vйл ажиллагааг хангалтгvй гэж vзвэл 2/3–ын саналаар өөрчилж болно.
25.2. Удирдах зөвлөл нь Чуулганы хоорондох vйл ажиллагааны тасралтгvй чанарыг бvрэлдvvлж удирдлага зохион байгуулалтаар хангана.
25.3. Гэрээ хэлэлцээрээр СМОХ-н хүлээх үүргийг батлах, СМОХ-н нэрийн өмнөөс гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Тэргүүн болон болон бусад гишүүнд олгох.
25.4. Банкны данс захирагч буюу СМОХ-н хөрөнгийн сан захирагч нарыг томилох.
25.5. СМОХ-н хөрөнгийн санг бүрдүүлэх, байршуулах, түүгээр хөрөнгө оруулалт хийх.
25.6. Удирдах зөвлөлийн ажиллах чадвараа алдсан болон огцорсон эсвэл нас барсан гишүүний оронд ажиллах гишүүнийг сонгох нөхөн сонгуулийг СМОХ-н нийт гишүүдэд ил тод байдлаар Удирдах зөвлөл өөрөө шийдэж явуулна.
25.7. Нэг жилийн ажлын тайлан болон санхүүгийн тайлан, дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэж, Чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар санал болгох.
25.8. СМОХ-н үйл ажиллагаа, оюутан залуусын сурч боловсрох үйл хэрэг болон Монгол улс БНСУ-н хамтын ажиллагаанд тэмдэглүүштэй хувь нэмэр оруулсан иргэд, байгууллагад шагнал олгох.
25.9. Хэрэгжүүлж буй бодлого, журам заавар, арга барил болон зохион байгуулалтын асуудлыг тайлбарлахтай холбогдон үүссэн зөрчил маргааныг зохицуулах.

26-р зүйл. Бүтэц бүрэлдэхүүн
26.1. СМОХ-н Удирдах зөвлөл нь Чуулганаас сонгогдсон 9-11 гишүүд (СМОХ-н Хоёрдугаар Чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан), орон нутгийн салбараас сонгогдсон дарга нар гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын албуудтай байна.
26.2. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэг сургуулийн хоёроос илүү оюутан сонгогдож болохгүй.

27-р зүйл. Бүрэн эрхийн хугацаа
СМОХ-н гишүүн Удирдах зөвлөлд хоёр удаа сонгогдож болно. Удирдах зөвлөлийн гишүүд болон сонгуульт албан тушаалтнуудын бүрэн эрх нь тэдгээрийг сонгосноор эхэлж, дараагийн шинэ гишүүд сонгогдсоноор дуусгавар болно.
28-р зүйл. Ажилд тэнцэх, үл тэнцэх
28.1. Сонгогдохоос өмнө гурван сараас доошгүй хугацаанд гишүүний үүргээ сайн гүйцэтгэж ирсэн, ёс суртахуунтай, бусдыг уриалан дагуулах чадвартай байх.
28.2. Сонгогдосноос хойш нэг жилийн бүрэн эрхийн хугацаанд БНСУ-д сурах визтэй, баталгаатай ажиллаж нөхцөл, боломжтой СМОХ-н аливаа гишүүн нь Удирдах зөвлөлд сонгогдохоор тодорхойлогдож болно.
28.3. Дүрмийн 5-р зүйлд заасан зорилго ба эрхэмлэх зүйлийг хангах зорилгоор СМОХ-н хэрэглэж байгаа эд бараа, материал ба үйлчилгээг худалдах буюу бэлтгэн нийлүүлэх талаар СМОХ-той гэрээтэй, ямар нэг шууд ба шууд бус санхүүгийн ашиг сонирхолтой хувь хүн буюу гишүүн нь Удирдах зөвлөлд сонгогдож болохгүй.
28.4. Өмнө нь СМОХ-н дүрэм болон бусад холбогдох хууль, журмыг зөрчин Удирдах зөвлөлийн гишүүнээс огцорч байсан бол дахин Удирдах зөвлөлд сонгогдох эрхгүй.
28.5. Хоёр ба түүнээс дээш ТББ-н удирдлагад давхар ажилладаг бол СМОХ-н Удирдах зөвлөлд сонгогдож болохгүй.
28.6. Урд нь эрүүгийн ямар нэгэн гэмт хэрэгт (улс төр, эдийн засгийн болон мансууруулах бодис, мөнгө угаах, хүнийн наймаа зэрэг бусад гэмт хэрэг) холбогдож байсан хүнийг СМОХ-ын УЗ-д сонгож болохгүй.

29-р зүйл. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх
29.1. СМОХ-н гишүүнээс гарах эсвэл хасагдах.
29.2. Ёс суртахууны зөрчил гаргасан эсвэл шүүхээр шийтгэгдэх.
29.3. СМОХ-н дүрэм, зорилго, ашиг сонирхол, ажлын үр дүнд үл нийцэх нөхцөл буй болох эсвэл сөрөг үйл ажиллагааг удаа дараа явуулах.
29.4. Дүрмийн Гурав дугаар бүлгийн 13.3-р зүйлийн зарчим энд үйлчилнэ.

30-р зүйл. Албан тушаалаас татгалзах, өөрчлөх
30.1. Удирдах зөвлөлийн гишүүн нь зөвлөлөөс гарах өргөдлөө хүссэн цагтаа СМОХ-н Тэргүүнд гаргана. Тэргүүн өөрөө огцрох өргөдлөө Удирдах зөвлөлд гаргаж өгнө. Өргөдөлд өөрөөр заагаагүй бол өргөдлийг хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран уг хүнийг тухайн сонгууль буюу албан тушаалаасаа чөлөөлөгдсөнд тооцно.
30.2. Удирдах зөвлөлийн нөхөн сонгуулийг 25.6-д заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар нөхөн сонгож ажиллуулна. Ингэж нөхөн сонгогдсон гишүүн нь Удирдах зөвлөлийн дараачийн бүрэлдэхүүн сонгогдох хүртэл үүргээ гүйцэтгэнэ.

7 ДУГААР БҮЛЭГ
ТЭРГҮҮН


31-р зүйл. Тэргүүн
Тэргүүн нь Удирдах зөвлөлийн дарга байна. Тэргүүнийг Удирдах зөвлөлөөс нэг жилийн хугацаатай сонгох бөгөөд нэг удаа улиран сонгогдож болно. Тэргүүн нь дараахи эрх үүрэгтэй байна:
31.1. Тэргүүн нь Удирдах зөвлөлд санал болгож батлуулсан ажлын хэсэгтэй байж болох ба Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.
31.2. Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс СМОХ-н үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хадгалж ажиллах.
31.3. Чуулган болон Удирдах зөвлөлийн хурлыг зарлах.
31.4. Байгууллагын өдөр тутмын vйл ажиллагааг удирдан зохицуулж дотоод, гадаад vйл ажиллагаанд СМОХ–г төлөөлөх.
31.5. Удирдах зөвлөлөөс батлагдсан СМОХ-н хувьд ажил үүрэг бий болгож байгаа гэрээ буюу бичиг баримтыг батлах, тэдгээрт гарын үсэг зурах.
31.6. Шаардлагатай гэж vзвэл Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг Удирдах зөвлөлд оруулах.
31.7. Удирдах зөвлөлөөс тодорхойлсон бусад эрх үүргийг хэрэгжүүлэх.


8 ДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ


32-р зүйл. Ерөнхий эрх үүрэг
Хяналтын зөвлөл нь СМОХ-н хяналт шалгалтын эрх мэдлийг хэрэгжүүлж дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөн батлах бөгөөд өөрийн үйл ажиллагаа болон шийдвэрийн талаар энэ дүрмийн дагуу тайлагнана.

33-р зүйл. Үйл ажиллагаа
Хяналтын зөвлөл нь дараах үйл ажиллагаа явуулна:
33.1. СМОХ–н дvрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай гэж vзвэл Удирдах зөвлөлийн хуралд ажиглагчаар оролцох.
33.2. Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх.
33.3. Даргаа сонгож, үйл ажиллагааны талаар Чуулганд тайлагнана.
33.4. Гэрээ хэлэлцээрээр СМОХ-н хүлээх үүргийг хянах, СМОХ-н нэрийн өмнөөс СМОХ-н үйл ажиллагаатай холбоотой аливаа шүүн таслах үйл ажиллагаанд оролцох.
33.5. Хяналтын зөвлөлийн ажиллах чадвараа алдсан болон огцорсон эсвэл нас барсан гишүүний оронд ажиллах гишүүнийг сонгох нөхөн сонгуулийг СМОХ-н нийт гишүүдэд ил тод байдлаар Хяналтын зөвлөл өөрөө шийдэж явуулна.
33.6. Удирдах зөвлөлийн жилийн ажлын тайлан болон санхүүгийн тайлан, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэж, түүнийгээ хэлэлцүүлэн батлуулахаар Чуулганд санал оруулах.
33.7. СМОХ-н хэрэгжиж буй бодлого, дүрэм, журам заавар, арга барил болон зохион байгуулалтын асуудлыг тайлбарлахтай холбогдон үүссэн аливаа зорчил маргааныг зохицуулах.
33.8. Хяналтын зөвлөл нь Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнийг дүрэмд заасан ажил үүргээ биелүүлж чадахгүй байгаа тухай шийдвэр гаргаж, огцруулах саналыг Чуулган, Удирдах зөвлөлд гаргах.
33.9. Удирдах зөвлөлийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсвэл СМОХ-н үйл ажиллагаа дүрмийнхээ дагуу явагдахгүй байна гэж Хяналтын зөвлөл дүгнэлт гаргасан тохиолдолд Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлыг товлон зарлах.

34-р зүйл. Бүтэц бүрэлдэхүүн
34.1. СМОХ-н Хяналтын зөвлөл нь Чуулганаас сонгогдсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд гэсэн бүтэцтэй байна.
34.2. Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд нэг сургуулийн нэгээс илүү оюутан сонгогдож болохгүй.


35-р зүйл. Бусад
Дүрмийн 6 дугаар бүлгийн 27, 28, 29, 30-р зүйлүүдийн зарчим энд үйлчилнэ.

9 ДҮГЭЭР БҮЛЭГ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ БОЛОН
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ


36-р зүйл. Тогтмол хурал
Товлосон өдөр, цаг, газарт Удирдах зөвлөл сард нэгээс доошгүй удаа, Хяналтын зөвлөл хоёр сард нэгээс доошгүй удаа хуралдана.

37-р зүйл. Хурал зарлах
Удирдах зөвлөлийн хурлын зарыг Тэргүүн, Хяналтын зөвлөлийн хурлын зарыг Хяналтын зөвлөлийн дарга гаргаж, уг хурлыг болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө зөвлөлийн бүх гишүүдэд мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд хурлаар хэлэлцэх асуудал, хурал болох өдөр, цаг, газрыг багтаасан байна.

38-р зүйл. Хурал хүчин төгөлдөр байх
38.1. Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирсэн тохиолдолд хурал хүчин төгөлдөр болно. Үүнд орон нутгийн салбараас сонгогдсон дарга буюу Удирдах зөвлөлийн гишүүнийг оруулахгүй байж болно.
38.2. Тэргүүн Удирдах зөвлөлийн хурлыг, Хяналтын зөвлөлийн дарга Хяналтын зөвлөлийн хурлыг даргална. Тэргүүн эсвэл Хяналтын зөвлөлийн дарга байхгүй бол хурлыг даргалах хүнийг гишүүдийн дундаас сонгоно.

39-р зүйл. Хурлын шийдвэр гаргах
39.1. Хууль ба СМОХ-н дүрэмд өөрөөр заагаагүй бол Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн хурлын шийдвэрийг хуралд оролцож байгаа санал өгөх эрхтэй нийт гишүүдийн олонхийн саналаар гаргана.
39.2. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулна.

10 ДУГААР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН САЛБАР


40-р зүйл. Орон нутгийн салбарыг байгуулах, дэмжих
СМОХ нь ижил төстэй зорилт болон зорилготой орон нутгийн сургуулиудад суралцдаг оюутан залуусын СМОХ-н салбар байгуулж ажиллахыг бүхий л байдлаар дэмжиж, туслана.

41-р зүйл. Орон нутгийн салбарын үйл ажиллагаа
Орон нутгийн салбар нь өөрийн үйл ажиллагааг удирдан явуулах, хөтөлбөрүүдээ бие дааж хэрэгжүүлэх эрхтэй. Энэ нь СМОХ-н дүрэм болон орон нутгийн салбартай холбоотой журам, шийдвэртэй зөрчилдөж болохгүй.

42-р зүйл. Орон нутгийн салбаруудын байршил, гишүүнчлэл
БНСУ-н нутаг дэвсгэрийн нэгж, зохион байгуулалтын дагуу нэг бус эсвэл нэг хотод байршилтай хоёр ба түүнээс дээш сургуулиудын оюутан, залуучууд нэг салбар байгуулж болно.

43-р зүйл. Орон нутгийн салбарыг батлах ба хүлээн зөвшөөрөх
43.1. Орон нутгийн салбарыг хүлээн зөвшөөрч батлах болон татан буулгах бүх үйл ажиллагаа Удирдах зөвлөлийн санал болгосноор Чуулган хэлэлцэн шийдвэрлэнэ. Орон нутгийн салбарууд СМОХ-н Удирдах зөвлөлөөр батлагдсан журамтай байж болно.
43.2. Тухайн бүс эсвэл хотын орон нутгийн салбар байгуулах хүсэлтэй гишүүд салбар байгуулах хүсэлтээ СМОХ-н Чуулган болохоос 21-с доошгүй хоногийн өмнө СМОХ-н Удирдах зөвлөлд бичгээр гаргасан байна. Бичигт хурлын шийдвэр, гишүүдийн тоо, гишүүдтэй холбоо барих хаяг, утас, мэйл хаяг, гарын үсэг зэргийг хавсаргасан байна.

44-р зүйл. Орон нутгийн салбарын хурал ба сонгууль
44.1. Орон нутгийн салбар нь СМОХ-н дүрмэнд нийцсэн өөрийн хурлуудтай байна.
44.2. Орон нутгийн салбарын дарга болон бусад удирдах гишүүдийг сонгоход СМОХ-н Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоход үйлчилдэг СМОХ-н дүрмийн заалтууд адил үйлчилнэ.

45-р зүйл. Орон нутгийн даргын эрх, үүрэг
45.1. Тухайн орон нутгийн салбараас сонгогдсон дарга нь СМОХ-н Удирдах зөвлөлийн гишүүн байх бөгөөд тэдэнтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
45.2. Орон нутгийн салбарын дарга нь СМОХ-н зүгээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагааг тухайн орон нутгийн гишүүдэд сурталчилж, тэднийг СМОХ-н үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах тал дээр анхаарч ажиллана.

46-р зүйл. Орон нутгийн салбарын санхүүгийн тайлан
46.1. Орон нутгийн салбар нь СМОХ-н тогтоосон журам зааварт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд СМОХ-н Чулган, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс баталсан шийдвэр, журам ба бодлогод захирагдана.
46.2. Орон нутгийн салбар нь СМОХ болон бусад санхүүжүүлэгч эх үүсвэрээс олгогдсон мөнгө санхүү ба өмч хөрөнгийн талаар бүртгэл тооцоо хөтөлж, СМОХ-н Чуулган болон Удирдах зөвлөлд тайлагнаж байна.

47-р зүйл. Орон нутгийн салбарын эзгүй орон тоо
Орон нутгийн салбарын Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүн эсвэл даргын эзгүй байгаа орон тооны нөхөн сонгуулийг СМОХ-н Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлтэй адил СМОХ-н дүрэмд заасан журам, заалтын дагуу явуулна.

11 ДҮГЭЭР БҮЛЭГ
СМОХ-г ТАТАН БУУЛГАХ БОЛОН ӨӨРЧЛӨХ


48-р зүйл. Татан буулгах үндэслэл
48.1. СМОХ-г татан буулгах, өөрчлөх тухай Чуулганы гишүүдийн олонхийн шийдвэрээр эсвэл зөвхөн СМОХ-г татан буулгах зорилгоор зохион байгуулсан Тусгай чуулганы хурлын шийдвэрээр татан буулгаж болно.
48.2. СМОХ-г татан буулгах асуудал хэлэлцэхийг урьдчилан зарлаагүй бол гишүүдийн Ээлжит бус чуулганаар СМОХ-г татан буулгах талаар санал хурааж болохгүй. Энэ зарлалыг тухайн хурал болохоос 21-с доошгүй хоногийн өмнө гишүүдэд явуулж зарласан байна.

49-р зүйл. Татан буулгасны дараа үлдэх эд хөрөнгө
СМОХ-г татан буулгах тохиолдолд өр зээлээ төлж, санхүүгийн үүргээ гүйцэтгэж дууссаны дараа үлдэх эд хөрөнгийг СМОХ-той төстэй зорилготой байгууллагад шилжүүлэх буюу хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

ХАВСРАЛТ

1. Энэ дүрэм нь 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн мөрдлөгө болсон байна.

2. 2009 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ээлжит бус чуулганаар хэлэлцэн, шинэчлэн засварлаж баталсан болно.
_________________
Ардчилал гэдэг замбараагүй байхын нэр биш.
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Бичигчийн вэб хуудсанд зочил
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> CMOX Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй